…Оюутны амьдрал, “хиппи” амьдралын зэрэгцээ өрнөх ийм хоёр өгүүлэмж үргэлжилсээр эцэстээ хэрхэн нэгдэж, “Altogether” хэрхэн төгсөхийг уншигчид өөрөө уншвал илүү сонин биз ээ. Юутай ч илэн далангуй, үнэн бичигдсэн, назгай, чөлөөт амьдралын хэв маяг, угтаа бол залуу насыг л магтан дуулж, өмгөөлсөн “Altogether” надад ихэд таалагдсан. Мартсанаас “Altogether” бол “Slowdive” хамтлагийн дуу. Зохиол дундуур үе үе давтагдах дууны нэрс, дүрүүдийнх нь таашаан сонсож буй хамтлаг гээд хөгжмийн байр суурь чухалд тавигдаж буй шинжээрээ уншигчдад Мүракамигийн зохиолуудтай ч төстэй юм шиг санагдаж болох юм. Гэвч энэ бол Мүракамигийн нөлөө, тусгал гэхээс илүүтэй хөгжим амьдралынх нь хэв маяг, шашин болсон хотын “хипстер” маягийн залуусын үнэн дүр төрхийг л Б.Билгүүн бичиглэсэн нь тэр байх гэж бодогдсон. Б.Билгүүн болон түүний үеийнхэн агуу ихийн хэнээрхэлдээ дөнгөлүүлж гар хумхин суудаггүй, “төгс төгөлдөр” бус байхаас эмээдэггүй тиймдээ ч зоригтой алхам хийн урагшилж чаддаг онцлогтой санагддаг. “Altogether” ном зохиогчийн хувьд ийм нэг урагш гишгэсэн алхам, уншигчдын хувьд залуу насны зоргоор өдрүүдийнх нь “солгой” дуулал байна гэдэгт итгэнэм. Орчуулагч Жалан-Аажавын Тэгшзаяа