О. Бат-Эрдэнэ

Марк Зукербергийн бүтээсэн ертөнц Фэйсбүүк


Дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Фэйсбүүк” компанийг үндэслэгч, ерөнхий захирал Марк Зукерберг. Харвардын их сургуульд сурч байгаад дундаас нь орхин, фэйсбүүк сайтыг (www.facebook.com) зохион бүтээсэн нь богино хугацаанд дэлхийн тэргүүлэх нийгмийн сүлжээ сайт болон өргөжсөн бөгөөд “Фэйсбүүк” мэдээлэл технологийн хамгийн шилдэг компани болтлоо өсөж томрон, Зукербергийг манай бөмбөрцгийн хамгийн залуу тэрбумтан, бизнес эрхлэгч болгов. Түүний санааг алдарт “Yahoo” компани нэг тэрбум америк доллараар худалдан авах санал тавьсан ч тэрээр татгалзан, өөрөө хөрөнгө оруулалт татаж компаниа байгуулан удирдаж эхэлсэн бөгөөд мэдээлэл технологийн салбарт шинэлэг бизнес эрхлэгч хэмээх нэр хүндийг олж чадав. Зукерберг бол шинэлэг санаа, чин сэтгэлээр зэвсэглэн бизнесээ эхлүүлж амжилтад хүрч чадсан, үлгэр жишээ авахуйц шилдэг залуу бизнес эрхлэгч яах аргагүй мөн.