Ц. Оюунгэрэл

Миний ажлын ноу-хау


Оюуны өмчөөс гадна таны бас нэг том өмч бол цаг хугацаа. Энэ өмчийг бурхан хүн бүхэнд адилхан заяажээ. Хүн яаж ч баяжаад танаас илүү цаг хугацаатай болж чадахгүй юм. Иймээс таны ажил олгогч бүхнийг өөрөө хийе гэсэн ч цаг хугацаанд хавчигдах тул аргагүйн эрхэнд таныг хөлсөн ажиллуулж байгаа. Та ажлын цагтаа бүрэн хэмжээгээр хоёргүй сэтгэлээр ажилла. Ажлынхаа цагаас бүү хийдүүл. Хөлс төлж байгаа ажлын цаг хугацааг ажил олгогчдоо үнэнчээр зориулж сур. Харин өөрийнхөө мэдлийн цагийг "Юмтай хүн юмаа харамлаж буй" мэт ямар ч эргэлзээгүйгээр шулуухан харамла. Та ажил олгогчдоо хөлс мөнгөгүйгээр зарцуулсан цаг бүхнийхээ төлөө өөр нэмэлт ажил хийж, орлого олох боломжоо алдаж байдаг. Үгүй дээ л өөрийгөө хөгжүүлэх цагаа алдаж байдаг. Ийм учраас өөрийн мэдлийн цагийг өмчилж сур.