А. Төмөр-очир

Эмээлтэй мөндөр


НИЙГМИЙГ ГИЖИГДСЭН НАЙРАГЧ БУЮУ БАГТАРСАН СЭТГЭЛИЙН “АСГАЛ” Монголын уран зохиол олон урсгалуудын цутгалан, олон өнцгөөс харсан эрэл эгээрэл, бие биенээсээ ялгагдах өөрийн гэсэн дуу хоолой, бахдам бадрангуй, налархай уянга, агсарсан хүчтэй “хашхираан”-ыг багтааж байх учиртай. Нэг нь нөгөөтэйгээ “ихэр” яруу найрагчдаар монгол орон яахсан билээ... Бусадтай адилгүй байна гэдэг яруу найрагч хүний “Цагаан толгойн А” үсэг. Үүнийг нэн түрүүн хангасан найрагч бол Ай.Төмөр-Очир юм. Хүний тухай “буруу үг” унагахыг цээрлэдэг нь монгол хүний эрхэм чанар гэж би хувьдаа боддог. Ай.Төмөр-Очирыг тайзан дээр шүлгээ дуудаж биш хашхирч уншихыг чихээрээ, хэвлэлд гарсан ном болсон шүлгүүдийг нь нүдээрээ унших хоёрт ижилхэн сонсогддог нь ямар ч байсан түүний давтагдашгүй мөн чанарыг баталдаг. Ай.Төмөр-Очирын олон номонд монголын уран зохиолын сайчуул “өмнө үг” бичсэн нь түүний тухай хангалттай ойлголт өгсөнд эргэлзэх явдалгүй. Ай.Төмөр-Очир зураач хүн. Түүний зурсан олон арван морьд дотор зогсож байгаа морь нэг ч байхгүй. Бүгд л тангачиж, тонгочиж байгаа... Шүлгийн “туурай” нь ч мөн адил... Их хөдөлгөөн, гашуун зүйрлэл, оносон “доромжлол”-оор дүүрэн шүлгүүд нь мэргэдийг баярлуулж, тэнэгүүдийг уурсуулж, байж ядуулдаг увидастай мэт... Хэтийдэх юм гэж бодогдох ч хэнхдэгэн цаана багтраад байгааг яалтай... Яруу найрагч гэдэг галаар дэлэгнэсэн “галт уул” юм шүү дээ. Миний энэ номын “өмнө үг”-ийг багтарсан сэтгэлийн асгал хэмээн нэрийдсэн минь учиртай. Зогсож буй морь зурдаггүй шигээ зогсолтгүй эргэх эрчтэй яруу найрагч бол Ай.Төмөр-Очир болой. Ай.Төмөр-Очирын “цуурай” ихтэй шүлгүүд хүний тархины хамгийн ойрын хэрэглээнээс гадна тэдний хүнд эмзэглэлийн бахыг хангадаг идтэй гэж хэлж болно. Шүлгийн хурц “хумс”-аар загатнасан газар нь маажихаас гадна бусчир булай бүхнийг бүүр урдаг гээч... гоё тодотгол энэ номын оршилд зохихгүй гэж би олон хоног бодлоо. Үнэндээ Ай.Төмөр-Очирын шүлгүүд байгалаасаа гарсан, төмрийн хүдрээр өрж ширээсэн байдаг, эгэл боргил, хатуу исгэлэн, алдас айлдал хоёрын цогц гэж бодогдоно. Нийгмийг гижигдсэн Ай.Төмөр-Очирын шүлгүүд зурсан зурагтайгаа, өөртэй нь жигтэйхэн адилхан. Тийм учир Ай.Төмөр-Очирын шүлгүүд Ай.Төмөр-Очир л бичих өөр хэн ч үл чадах шүлгүүд байх нь. Ямарч уран уншигч Ай.Төмөр-Очирын шүлгүүдийг өөр шиг нь “загнаж’’ чадахгүй нь сонин. Ай.Төмөр-Очирын шүлгүүдийг сонссоны дараа уншигчид ахдаа юмуу аавдаа зодуулсан хүүхэд шиг болдог... Ингэхээр Ай.Төмөр-Очир бол яруу найргийн гэгээн дуганын бэрээ барьсан “гэсгүй” юм шиг санагддаг. Догшин хэмнэл, аатай ааш, аарахсан найргийг ихэд хүндэтгэгчийн нэг уншигч нь би. Хэлэхээ хэлж чаддаггүй, хийхээ хийж чаддаггүй найрагчийг хэн найрагч гэх юм бэ? Яруу найрагчийн дэндүү дураараа омголон занг дэлхий дарж чадаагүй юм шүү. Дэлхийн омголон яруу найрагчид үхлээс бусдад бууж өгсөн түүх байхгүй. Асаж бадарч л байг. Монгол найрагчид. Түүний асаасан галд хичнээн олон уншигчдын тархи бүлээцдэг гэж санана. Монголын минь яруу найраг олон өнгө өнцөгтэй байх тутам сэтгэлд баяр мандана. Хожмын судлаачид Ай.Төмөр-Очирын халгисан шүлгүүдэд шүүмж судлалын олон бүтээлээ зориулах бизээ. Би зөвхөн нэгэн он цагт хамт байсныхаа сэрэл эгээрлийнхээ зах сэжүүрийг дурдав. Бяцхан өмнө үгийнхээ төгсгөлд дурдахад Ай... Төмөр-Очир гэдэг чинь тааруухан яруу найрагчдыг Төмөр-Очироос “АЙ” гэсэн үг юм биш үү. Бавуугийн ЛХАГВАСҮРЭН Монгол улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Энэхүү номонд “өмнө үг” бичих ерөөл тохиосон өлзийт сайн өдөр