Ц. Оюунбат

Чимээгүй одогсод


Тэнгэр газрын савслагаар цасан малгайт хөх уулсын орой дүнхийж, сэмжин цагаан үүлс номин тэнгэрийн уудамд хөвөх зуур арын сайхан хангайн тал хөндийг алтан наран илчээрээ тэтгэх гэж үүлсийн завсраар арай ядан цацрагаа тусгана. Сэмжин цагаан үүлс алс руугаа зарим хэсгээрээ өтгөрөн сааралтаж, ширүүн түргэн нүүдэллэхдээ нарны цацрагийг нэвтрүүлэхгүй гэсэн шиг улам бараантан уулсын энгэрийг харанхуйлна. Тайхарын нурууны цаанаас нэгэн морьтон аажуухан гарч ирэхийг харахад, аргамаг хүлгээ өгсүүр газар хүчтэй явуулсан гэмээ цайруулах гэсэн мэт амьсгаа нь дарагдахыг хүлээзнэн аясаар нь гэлдрүүлнэ. Өвгөжөөр хүн тэгшдүү газар сонгож мориныхоо амыг татан, эрэмгий адуучин хүний янзаар зөв тал руу нь тэвхийн буулаа. Хэдийгээр нас жар шүргэж яваа ч Довдон өвгөний бие тэнхээ, хөл гарын бяд тамир тэгтлээ буурсангүй, хамтралын адуун сүргийг хүүдүүдтэйгээ элбэн адгуулдаг билээ. Арваад азарга адуу сүргээсээ тасран одсоны хэл сургийг гаргах гэж хөдөө хөвөөний айлуудаар сураад буцаж яваа нь энэ. Хоёр хүү нь аль хэдийн эрийн цээнд хүрсэн тул өвгөн эцгээ адууны ээлжинд гаргахаа болиод удаж байгаа юм.