Тэнгэр бэхи өргөө ТББ

Монгол ёс заншлын хорио цээрүүд


Төрийн ёс заншил, хорио цээрүүд нь монгол түмний сүр сүлд, хийморийг өргөн тэтгэж, төрөө түших хүчийг хурайлан нэгтгэхэд чиглэдэг. Энэ бүхэн нэгдэн нийлж хүмүүний оршихуйг бүхэлд нь хамаарсан, харь гүрний боолчлолоос хамгаалсан ухаан болдог. Хөх монгол хүмүүний амь үл тасрахуйн 7 гол, үл няцах чадвар, үл саарах хүч тэнхээг бүрэн бүтэн авч үлдэхэд эдгээр ёс заншил, хорио цээрүүд түүхэн үүргээ гүйцэтгэсээр байна. Бидний өвөг дээдэс эдгээр ёс заншил, хорио цээрүүдийг заншуулан, уламжлуулан мөрдүүлээгүй бол өдгөө бид монгол хэмээн бусдаас ялгарахгүй байх байлаа. Монгол хэмээх аугаа түүхтэй, соёлтой, дархлаатай гүрэн өнөөг хүртэл оршин тогтож буйн нэгэн чухал тулгуур нь монгол ёс заншил, хорио цээрүүд мөн. Монгол хүнийг монголоор нь байлгадаг эдгээр ёс заншил, хорио цээрүүд байгаагүй бол ур дүйт монгол хүмүүний удам эрт цагт тасарсан байх байлаа. Ёс заншил, хорио цээрийн цаад учиг, ухааныг далдлан нууцалж, бэлгэдэлт утгаар илэрхийлдэг байсан нь хүмүүн бүхэнд задлан дэлгэх шаардлагагүй байсанд оршино. Гэвч өдгөө цагт зарим учир ухааныг захаас нь таниулан тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч буйд энэхүү эмхэтгэлийн зорилго оршино. Монгол хүмүүний эрүүл бие олон төрлийн өвчин зовлонд автаж, авхаалж самбаа, хурд хүч нь бууран доройтож, сэргэлэн оюун гээгдэн байх энэ цагт нэн хэрэгцээтэй голлох ёс заншлууд, хорио цээрүүдийг цуглуулан эмхэтгэж, эдгээрийн цаад утгыг өвөг дээдсийн тус дэм дор арга, билгээр хослуулан тайлбарлаж, өргөн түмэн уншигчиддаа ийнхүү хүргэж байна. Энэхүү сударт товчоолсон бүхий л ёс заншил, хорио цээрүүдийг өөрсдөө хэрэгжүүлээд зогсохгүй, үр хүүхэд, ирээдүй хойчдоо заавал таниулан мэдүүлж, ахуйд нь хэвшүүлж зан болгон заншуулан мөрлүүлээсэй хэмээсэн сэтгэлээрээ жигүүрлэн бүтээв. Хөх монголчууд хөрст дэлхийдээ мөнхөд мандан бадраг ээ.