Тэнгэр бэхи өргөө ТББ

Хөх Монгол иргүн Алтан дээд үнэний жамд бадрахуй


Монголчууд өдгөө бид хүнд хэцүү цөвүүн цагийг туулан буй. Чухам энэ цаг дор Монголын заяа их хэмээх билиг ерөөлөөр өвөг дээдсээс өртөөлөн ирсэн тэнгэр ухааны судрууд тэмээн жингийн цуваа мэт ээлж дараалан буусаар буйд туйлаас бахдан байна. Тэнгэрийн санаа хийгээд тэнгэрийн цаг хэмээх нь энэ буй за. Аливаа үзэгдэл юмс, үйл хэрэг бүхэн өөр өөрийн цаг хугацаа орон зайтай, дэнс хийгээд шалгууртай. Энэ л учиг дор энэхүү тайлал судар маань түмэн олонд түгэн хүрч буй бизээ. Энэхүү тайлал судрыг уншсанаар эрхэм уншигч та тэргүүлэн өөрийгөө хэн болохыг таньж мэдэх болно. Хүмүүс бид аргын биеэс гадна билиг ертөнцийн сүнсгэл биетэй, энэхүү сүнсгэл бие маань үүсэн бий болох хийгээд оршин тогтох, дэвшин нүүдэллэх асар уудам орон зай, цаг хугацаа, улиралтай болохыг ухаарах болно. Тархи, оюун ухааны хязгааргүй нөөц бололцоотойг, эрдэм мэдлэгт зоригдон суралцваас хөгжин дэвшиж, төрж мэндлэн нүүдэллэх олон түвшин байдгийг таних болно. Нөгөөтэйгүүр эрдэм мэдлэгт бус эд хөрөнгө, алд биеийн хэрэгцээнд баригдан оршвоос яг л энэ цаг үеийн олон мэт мунхагшин доройтож, мөхлийн ирмэгт хүрэхэд ойрхон буйг ухаарах болно. Нийтээрээ хэмтэй орших хийгээд нийтээрээ гэмтэй оршихын ялгааг тайлж чадна. Нийтээрээ хэмтэй буюу төвшин сайхан, амар амгалан амвдралын үндэс нь хамтын хариуцлага болохыг танина. Хөгжил дэвшил, мөхөл доройтлын аль аль нь зөвхөн биднээс шалтгаалах болохыг тунгааж дийлэх буй за. Жам буюу байгалийн хуулийн мөн чанар хийгээд агуу гүн утгыг таних болно. Орчлон ертөнцийн, байгаль дэлхий ээжийн тоолж баршгүй олон зүйлийн оршихуйдын оршин буйн зорилго, мөн чанар, ач холбогдол, оршин буй бүхний эрэмбэ дараалал, уялдаа холбоо, зүй тогтлыг танина. Энэ бүхэн өөр хоорондоо эрчим, гэрэл, туяа, цацраг, амь бүхнээрээ холбогдон, уягдан оршдогийн гүн нарийн учир зүйг анин мэдэх болно. Энэ бүгдээс улбаалан байгаль дэлхий ээжийн бүхий л зүйлсийг амьтай, эзэнтэй хэмээн дээдлэн хайрладаг уламжлалт зан заншил, өв соёлынхоо үнэ цэнийг улам гүн гүнзгий танин мэдэж, суралцан амьдрал ахуйдаа, алхам тутамдаа хэрэгжүүлэхийг зорих болно. Өнгөрсөн одоо ирээдүй гурван цагийн хэлхээ холбоог танин тунгаах болно. Энэ цагийн биднээс өнгөрсөн хийгээд ирээдүй аль аль нь хамаардаг болохыг ойлгоно. Эх орон ард түмнийхээ өмнө, дэлхий эжий болон ирээдүй хойч үеийнхний өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах болно. Өвөг дээдсийнхээ амьдрал тэмцэл, алдаа оноо, мандал бадрал хийгээд бууралт доройтол бүхнийг цадиглан үлдээсэн аугаа их түүхийнхээ үнэн мөнийг тайлан ухаарах жимд хөтлөгдөх болно.