.Тэргэл
.Тэргэл

Тэргэл ( )

Сайн байна уу? Намайг Тэргэл гэдэг. Би YWAM буюу "Үүрэгтэй Залуус" олон улсын илгээлтийн байгууллагт бүтэн цагаар үйлчилдэг. Эзэнд итгээд гурван жил болж байгаа, хорин хоёр настай. Хүн бүрт өөрийн гэсэн түүх байдаг. Түүх бүхэн аз жаргалтай байдаггүй ч, түүнийг баяр хөөр, бүжгээр солигч агуу БУРХАНы миний амьдралд хийсэн өөрчлөлт, үнэн түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Намайг бага байхаас аав, ээж хоёр маань архины гүн хамааралтай, аав мөрийтэй тоглоом тоглодог байлаа. Намайг есөн настай байхад аав ээж хоёp салж, өрх гэрийн багана нуран унахад, ээж маань сэтгэл санаагаар унаж, маш их архи ууж эхэлсэн юм. Харин эгч маань их дээд сургуульд орж, хотруу явсанаар би багаасаа өөрийнхөө хэрэгцээ хийгээд хоол ундаа болгох хэрэгтэй болсон. Манайх гэдэг айл Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амьдардаг байсан. Хичээл тараад гэртээ ороход энд тэндгүй хөглөрөх архины шил, бөөлжис, тасарсан танихгүй хүмүүс. Гэртээ байхыг, бүр очихыг ч хүсдэггүй байлаа. Тэгээд ихэнхи цагаа PC-нд ах нар, найзуудтайгаа өнгөрөөдөг болсон. Аавыгаа үзэн ядаж, архийг ч үзэн ядаж, би өөртөө хэзээ ч энэ гашуун дарсанд амаа хүргэхгүй гэж амлалт өгч байв. Гэтэл би долдугаар ангиасаа л архи ууж, тамхи татаж, болох болохгүй бүхнийг ах нарын дор сурж байлаа. Харин 2013 оны жирийн л нэг өдөр гэртээ яваад ортол, ээж маань халуун хоол хийчихсэн, ээж нь архинаас гарна гэж хэлсэн. Ээж маань Есүс Христийг амьдралдаа хүлээж авсан нь тэр байсан юм. Харин би урьдын олон амлалтынх нь адилаар, хоосон өнгөрөх зүйл гээд итгээгүй юм. 2014 онд би ШУТИС-д их сургуулийн хувиар аваад Улаанбаатар хотод ирсэнээр, эгчтэйгээ амьдарч эхэлсэн. Миний дотор нэг л хоосон мэдрэмж үргэлж төрдөг байлаа. Түүнийгээ би өөрөө дүүргэх гэж найз нөхдийн хүрээлэл дунд архи ууж, тамхи татахаас эхлээд дээрэм хулгайд хүртэл татагдан орсон. Доторхи хоосон бүхнээ далдлах гэж олон төрлийн имиж, хувцаслалт, залуусын чиг хандлага бүрийг оролдож явсаар "Рэгги" стийлээр дамжин хар тамхи хэрэглэдэг болсон. Хар тамхи, эм бэлдмэлийн тунг нь хэтрүүлж, мөнгө олохын тулд өвс зарж, хэдэн сар дамжин шоудаж, бусдын гар утас, нөүтбүүкийг луйвардаж, яг л яруу найрагч Чойномын хэлдэгээр бусдын лангуунд залуу насаа бутархай мөнгө шиг үрж явсан. Хөвсгөлд очиж амархаар болсон тэр зун амралт орвонгоороо эргэж, бид машинтай осолт орж, төлж баршгүй мөнгөний өрөнд орсон. Удалгүй найзуудтайгаа зодоон хийж, дээрмийн хэргээр цагдаад дуудагдаж, тэр өдөртөө л эрүү үүссэн. Хоёр найз маань мөрдөнд орж, харин намайг 18 хүрээгүй байсан учраас ээж минь ирж, авч байв. Эрүүгийн 147, 2-99,1 бүлэг танхай, хүн зодсон хэргээр шүүх хуралд орох болсон. Би шүүхийн тамхимд хашлаганы ард анх удаа Есүсийг дуудаж байсан. "Та үнэхээр байдаг юм бол надад тулсаач. Тэгвэл би Танд итгэнэ" гэж. Тэгээд эхнээсээ ял дуудаж эхлэхэд найзууд маань дөрвөн жил, гурван жил, харин би гурван жил таван сарын ял авсан ч, дахин шүүх хуралд орсоноор хоёр жилийн тэнсэн дээр дэнчигнэсэн. Ээж миний төлөө тасаралтгүй залбирч, надад итгэсээр л байсан. Би дахиж архи уухгүй, хар тамхи татахгүй гэсэн ч, дахиад л тэр бүхнээ хийдэг байлаа. Гуравдугаар курсэд төлбөрөөрөө бизнес хийх оролдлого бүтэлгүйтэж, сургууль төгсөх боломжгүй болж эхэлсэнийг ээж мэдээд хотод хамт амьдрахаар Хөвсгөлөөс ирсэн юм. Би ч хашрахгүй нөгөө л найзуудтай нийлсээр, хийдэг зүйлсээ хийсээр. Порно график, хар тамхи, архидалт энгийн зүйл мэт байлаа. Сар сараар нь гэрийн бараа харалгүй гадуур тэнэж, яваад ирэхэд ээж минь санаа нь зовж "ярилцъя" гэхэд нь би "юугаа ярьдын, ядраад байна" гэхээс өөрийг хэлэхгүй. Хоёр нүдээ тэс цохиулаад, хөх няц гэртээ ирэхэд ээж "Тэргэлээ чи амьд гэдгээ ядаж ээждээ хэлж байгаа ч" гэдэг байсан. Шөнө бүр согтуу орж, ирэхэд ээж миний хөлд гар тавиад, уйлаад залбирдаг байсан. Олон хавар нэгэндээ гэж хар тамхи хэрэглэж, зарж, яваад найзуудтайгаа хамт хэрэгт холбогдсон. Надад бодогдсон зүйл гэвэл "би тэнсэнтэй одоо угаасаа шууд шоронд л явах юм байна" Амиа хорлохоор гэрээсээ гарсан ч чадаагүй, архи уусан ч согтоогүй. Тэр үед ээждээ гэрээслэл бичиж үлдээгээд гарсан учраас эргээд очихоос өөрөөсөө ичиж байлаа. Намайг хэн ч хүндлэхээ больсон, хэн ч надад итгэхээ больсон. Харин ээж минь л миний талд байсан. Зогсолтгүй залбирсаар л... Ээж надад сонголт үлдээсэн нь "Дархан явах" эсвэл "шоронд явах" байв. 2016.6.13нд Дархан YWAM байгууллагт Калеб дагалдагч бэлтгэх богино хэмжээний сургалд эхэлсэн. Анх ирээд аниргүй цагийн үеэр миний инээд хүрээд л, хараад суудаг байсан. Бурханаас үг авлаа гэж ярихыг сонсоод итгэгч хүмүүсийг галзуу юм байна л гэж боддог байв. Долоо хоног өнгөрөв. Нэгэн хичээлийн дараа бүгд хоолондоо ороход, би ганцаараа үлдээд залбирсан. Асгарталаа уйлж, Эзэнийг анх хүлээж авсан. Хүнд зөв мэт санагдавч, төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг Сур үгс 16:25 Кибер ертөнцөд тоглоом хүнд хийсвэр төсөөлөл өгдөг. Тоглох үед бүх зүйл чамд байгаа мэт санагддагч, гараад бодит амьдрал дээр юу ч байхгүй. Хар тамхи, порно график, кибер тоглоом хүнийг санхүүгийн хямралд оруулж, боолчилж чаддаг гэдгийг би амьдарлаараа мэдэрсэн. Эдгээр зүйлс биднийг зүгээр л хийсвэр төсөөллөөр дүүргэж, дотроос минь иддэг. Өөртөө итгэлгүй байдал, гутрал гомдол, ичгүүрийг үргэлж мэдэрүүлдэг. Миний дотор байсан хоосон мэдрэмжийг хар тамхи, архи, тамхи, порно график, зугаа цэнгэл аль нь ч дүүргэж чадаагүй. Харин цорын ганц амьд Бурхан Есүс Христ л дүүргэсэн юм. Хэн ч биш Тэргэлийг ТЭР сонгож аваад, шавар шалбааг, балчиг намгаас татан гаргаж, өөрийн ариун цусаар угааж цэвэрлэж өөрчилсөн юм шүү. Надтай адил олон залуучууд үнэ цэнэгүй амьдарч, ээж аавынхаа царайг харж чадалгүй амиа хорлох тухай бодож, мансууруулах бодист донтож байна. Эдгээр хүүхэд залуучуудын төлөө миний зүрх сэтгэл урагддаг болсон. Энэ зүрх сэтгэлийг Есүс л өгдөг. Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун .Тэгвэл энэ бүхнийг нэмж өгөх болно. Матай 6,33 Би ЭЗЭНд бүтэн цагаар үйлчилж, өөрийн алсын хараа, зорилгийн төлөө бэлтгэгдсээр байна. Ээж бид хоёрын харилцаа үнэхээр эдгэрсэн. Одоо бид бие биенийхээ төлөө үргэлж залбирдаг. Маш урт гэрчлэлийг минь цагаа гарган уншсанд мөн таны залбиралд баярлалаа. Бурхан таныг ивээг. Отгонжаргалын Тэргэл