Шагж Гэлэн

Жорлонд унших ном


Номынхоо тухай хэлэх үг байна Анхны ном тул ариутган шүүх мундаг зохиолч олж өмнөтгөлийг нь бичье гэсэн чинь таньдаг зохиолч олдсонгүй. Бүр таньдаг хүмүүсээрээ дамжуулж хайлгаад ч таньдаг зохиолч олдсонгүй. Энэ нь Шагж Гэлэн бол утга зохиолын салбараас дэндүү хол хүн гэсэн үг. Номныхоо нэрийг өгөх гэж баахан л бодлоо. Санаа хусчих санаатай номны нэр хайж номын сангаар өчнөөн л явлаа. Ай тэр номны нэрнүүд бол над шиг дулимхан гарууд сөхөж харахаас “зүрх” шээмээр лут юм. “Ямар юмны ямар онгод халил” л гэнэ, ямар тэнгэрийн ямар сахиус л гэнэ, ямар ямар онгодын ямар сод бүтээл л гэнэ, ямар ухаарал хайрлах ямар мэдрэмж л гэнэ, ямар ямар дэлхийд байхгүй ганцаардал, гутрал цөхрөл гэнэ. Гүэ нэг иймэрхүү аймаар аймаар нэрнүүдтэй юм. Байдаг л нэг дундаж толгой өөрт тохиолдсон бүтэлгүй явдал болон бодогдсон бүтэшгүй зүйлүүдээ “Жорлонд унших ном” гэж нэрлэлээ. Жорлон бол эрх чөлөөний талбар юм гээд сүр сүр юм бичээд байж болох ч би лав жорлонд орохоороо бие сэтгэлээ засдаг билээ. Гэртээ ирээд жорлондоо суугаад юм унших бас л сайхан шүү. Анх номоо гоё өнгө будагтай хэвлүүлье гэсэн чинь эдийн засгийн хямралаас болоод чадсангүй гэж худлаа бүлтрээд яахав. Угаасаа мөнгө төгрөг муутай хүн тул цалингийн зээл авч байж энэхүү номыг хэвлүүллээ. Надаас ухаантай улсууд нь цалингийн зээлээрээ гар утас авчихдаг юм билээ, одоо яахав. Та хэт хуучинсаг үзэлтэй бол, наргиа мазраа ойлгохдоо дулимаг бол, үг үсгийн алдаа харахаараа уур чинь хүрдэг бол, юуг шууд утгаар нь юуг шууд бус утгаар нь ойлгохоо мэддэггүй бол энэ номыг унших хэрэггүй. Мөн энэ ном нь хар яриа, маазраа, мээсээж, орон нутгийн зарим аялгаар бичигдсэн тул “аялгуу сайхан Монгол хэл”-нийхээ дүрмээс гажихийг тэвчдэггүй хүмүүс нээрвээ хөдөлгөсний хэрэггүй. Засч сайжруулсан хоёр дахь хэвлэл Улаанбаатар 2017 он