Монголын кино институт Алтан хальс олон улсын кино наадам 2019-ын Уралдаант хэсэгт шалгарсан 38 богино хэмжээний бүтээлийг зарлаж байна. Уралдаант хэсэг Монголын болон Олон улсын гэж хоёр хуваагдаж буй юм. Монгол уралдаант хэсэгт 19 (31 бүтээлээс), Олон улсын уралдаант хэсэгт мөн 19 бүтээл (449 бүтээлээс) шалгарчээ. Монгол уралдаант хэсэгт Алтан хальс кино наадамд 2013 оноос хойш бүтээлээ бүртгүүлж байсан 10 уран бүтээлчдээс гадна 9 шинэ уран бүтээлчид бүтээлээрээ шалгарчээ. Энэ онд харамсалтай нь баримтат богино кино төрөлд 1 бүтээл уралдаант хэсэгт шалгарсан тул шилдэг Монгол баримтат кино шагнал олгогдохгүй юм. "Отор" хэмээх баримтат кино гэхдээ Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагналын төлөө өрсөлдөж буй юм. Олон улсын уралдаант хэсэгт Америкийн 4, Швейцарийн 3, Германы 2, Францын 2 бүтээл тус тус шалгарснаас гадна Австри, Бельги, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын богино бүтээлүүд шалгарсан байна. Алтан хальс олон улсын кино наадам 2019 6 сарын 4-8-нд iCinema кино театрт зохион байгуулагдах болно.