Залуу уран бүтээлч Цэндсүрэнгийн Эрдэнэцэцэгийн “Золиос” өгүүллэгийн түүвэр уншигч таны гар дээр очиж байна. Уран зохиол бол нийгмийн амьдралын тусгал, түүний толь бөгөөд нийгэм ямар байна, хүмүүс нийгмийн амьдралаа дагаад тийм байдаг. Өнөөгийн манай нийгмийн ЗОЛИОС болж байгаа мянга мянга жирийн иргэдийн амьдралаас сэдэвлэн: - Хар тамхичин хүү, хүүгийнхээ төлөө бүхнээ золиослогч түүний эцэг эх,”Эцcийн золиос” - Яагаад ч юм нэг л өдөр гудамжинд гарсан хог түүгч сайхан сэтгэлт залуу,”Нэг өдөр” - Ихэр хоёр хүүгийн нэг нь ижил хүйстэн болж, хоёр хүүгээ ялган хандагч эцэг эх ба хүнээрээ үлдэх ижил хүйстэн хүү,”Хүсээгүй сонголт” - Амьдрах итгэлээ алдаж байгаа уран бүтээлч залуухан бүсгүй, “Гэрээслэл”- Нийгмийн хамгийн муу муухай шаварт шигдсэн ч өөд нь татах гэсэн хэн нэгнийг өөрөөсөө дор болгогч өөдгүй этгээд,“Шатаж буй байшин” - Гэр бүлээ хүчирхийлэгч эцэг, түүний охин “Энэ миний эхлэл” зэрэгт нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа хар барааныг уран сайхны дүрд хувирган үзүүлсэн нь олзуурхууштай юм.Нийгэм бүхэлдээ хар байхгүй нь мэдээж болохоор: - Багын найз бүсгүй, түүний үр хүүхдийн төлөө амиа өгөгч бүсгүй “Захиас” - Найз нөхөд, ах дүүгийн сайхан харьцааны тухай “Хожимдол” “Ах”Ертөнцийн жам ёсны тухай: - Нэг нь урган төлжиж байхад нөгөө нь устаж үгүй болж байдаг “Гэрэл гэгээ минь”- Хэл соёл өөр байлаа ч урлагийн гайхалтай сайхан нөлөөг хүртэх мэдрэмж нэг байдаг тухай “Бүжиг” зэрэг өгүүллэгийг Та энэ түүврээс унших болно.