Н. Эрдэнэ-Очир

Монголын эртний нүүдэлчдийн зэр зэвсэг


(НТӨ II мянган жил – НТӨ III зуун). - УБ., 2016. - 198 тал. - (“Монголын археологийн шинэ судалгаа” цуврал - II). Монгол оронд археологийн судалгаа үүсч хөгжсөөр зуу гаруй жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд үндэсний болон олон орны судлаач, эрдэмтэд асар баялаг материал цуглуулан, өндөр үр дүн бүхий олон чухал шинжлэх ухааны нээлтүүдийг хийсэн байдаг. Хэдий тийм боловч эдүгээг хүртэл Монголын эртний нүүдэлчдийн зэр зэвсэг нь тусгайлсан судалгааны объект болж чадалгүй хэсэгчилсэн байдлаар судлагдаж иржээ. Монголын эртний нүүдэлчдийн зэр зэвсгийн судалгаа нь Евразийн тал хээрийн бүс нутгийн нүүдэлчдийн түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмрийг оруулах нь дамжиггүй билээ. Хүрэл, түрүү төмөр зэвсгийн үеийн зэр зэвсгийн судалгааны эх сурвалж хэрэглэгдэхүүнд хиргисүүр, дөрвөлжин булш, чандманийн дурсгалаас илэрсэн зэвсгийн холбогдол бүхий олдворууд, түүвэр олдворууд, хадны зураг болон буган хөшөөнөө дүрслэгдсэн зэр зэвсгийн дүрслэлүүд хамрагдаж байна. Эдүгээ Монгол орны нийслэл, орон нутгийн музейд НТӨ XII-III зууны үед холбогдох зэр зэвсгийн баялаг олдвор хэрэглэгдэхүүн хуримтлагдан хадгалагдаж буй бөгөөд тэдгээрийн бүх талын нарийвчилсан судалгаа, системчилсэн ангилал, зэвсгийн иж бүрдлийг сэргээн гаргах, хөгжлийн зүй тогтол, хувьслыг мөшгөн судлах зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэхүү судалгааг хийснээр зөвхөн Монголын эртний нүүдэлчдийн зэр зэвсгийн түүхийг гаргаад зогсохгүй, судлан буй үеийн Төв Азийн нутаг дахь нүүдэлчдийн салангид олон соёлын зэр зэвсгийн иж бүрдлийг сэргээн гаргаж, тэдгээрийн хувьсал өөрчлөлт, хөгжлийн зүй тогтол зэрэг олон талыг хөндөн судлах боломж бүрдэж байна. Эртний нүүдэлчдийн зэр зэвсгийн иж бүрэн судалгаа нь тухайн үеийн түүхийг сэргээх олон талын мэдээллийг агуулж байдгаараа онцлог бөгөөд зөвхөн Монголын эртний нүүдэлчид бус Төв Азийн нүүдэлчдийн зэвсгийн судалгааг бүхэлд нь тодорхойлж буйгаараа шинжлэх ухааны чухал ач холбогдолтой юм. Энэ ч утгаараа нүүдэлчдийн цэрэг зэвсгийн цаашдын иж бүрэн судалгаа нь Евразийн хээр талын бүс нутгийн эртний нүүдэлчдийн түүхийг сэргээн босгоход зайлшгүй шаардлагатай үндсэн судалгааны нэг болох нь маргаангүй юм. Энэхүү бүтээлийг түүхч, археологич болон Евразийн эртний ард түмний зэр зэвсгийн түүхийг сонирхон судлагч хэн бүхэнд зориулсан болно.