Д.Нацагдорж
Д.Нацагдорж

Дашдорж

Нацагдорж ( Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч )

"Д.Нацагдорж 1906 оны 11-р сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төржээ. МАХН-ын гишүүнд 1922 онд элссэн. Гэрийн багшаар бичиг үсэг заалгаж анхны боловсрол эзэмшсэн. 1921 онд Д.Нацагдорж Цэргийн явдлын яаманд бичээчээр ажиллах болж улмаар Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. 1923-1924 онд Д.Нацагдорж МАХН-ын II, III их хуралд төлөөлөгчөөр оролцож намын III их хурлаас МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн орлогч даргаар сонгогдсон юм. 1924 онд БНМАУ-ын анхны үндсэн хуулийг батласан Улсын анхдугаар их хуралд биечлэн оролцсон төдийгүй 1925 оны эхээр Д.Нацагдорж Бүх Монголын Пионерын Товчооны даргаар томилогдсон билээ. Түүний зохиосон Монголын Пионерүүдийн марш дууг монголын хүүхэд багачууд одоог хүртэл дуулсан хэвээр байна. 1925 онд Д.Нацагдоржийг Ленинград хотод суралцуулахаар явуулжээ. 1926-1929 онуудад Д.Нацагдорж Герман улсын Берлин хотод, дараа нь Лейпциг хотод тус тус суралцсан. Герман хэл сайн сурч эзэмшсэний ачаар хойшид Монголч эрдэмтэн Ц.Жамсрантай хамтарч К.Марксын туурвисан ""Капитал"" зохиолын тэргүүн бүлгийг монгол хэлэнд чадварлаг хөрвүүлжээ. 1929 онд эх орондоо буцаж ирснээс хойш нас бартал ШУХ-нд тасралтгүй ажилласан. Д.Нацагдорж бол авьяаслаг зохиолч байсан төдийгүй өрнө, дорно зүгийн гадаадын хэд хэдэн хэл төгс сайн эзэмшиж үндэснийхээ соёлын түүхийг сайн мэддэг хүн байлаа. Д.Нацагдорж шинэ үеийн Монголын уран зохиолын хөгжилд асар их хувь нэмэр оруулж уянгын нийтлэл, тууж, өгүүллэг, найруулал, драмын жүжиг зэрэг бусад утга зохиолын шинэ шинэ төрөл зүйлийг санаачлан хөгжүүлж эхэлсэн юм. Д.Нацагдорж бол уянгын их авьяас билэгт яруу найрагч төдийгүй түүний ихэнх бүтээл нь эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлээр дүүрэн байдаг. “Д.Нацагдоржийн тухай дурсан ярих тутамд түүний зохиосон ""Миний нутаг"" шүлэг аяндаа сэтгэлд буудаг төдийгүй Монгол улсын дөрвөн зүг найман зовхисоор хөндлөн гулд аялах шиг болдог” хэмээн гадны нэгэн эрдэмтэн дуу алдсан гэдэг."