Ц.Түмэнбаяр
Ц.Түмэнбаяр

Цэрэнтулга

Түмэнбаяр ( )

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛТ ЗОХИОЛЧ ЦЭРЭНТУЛГЫН ТҮМЭНБАЯР 1985 онд “Хараацайн жигүүр” шүлгийн номоо хэвлүүлж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Түүнээс хойш “Удган”, Мэргэнд буусан чоно”, “Согоо суман”, “Дөргөнэ хатны алтан зоос” зэрэг тууж, өгүүллэг, шүлгийн ном арав гаруйг хэвлүүлжээ. “Тэнгэр мэднэ”, “Цагаан сүүний домог”, “Нүцгэн натур”, “Хурдан том болмоор байна” зэрэг уран сайхны кино, “Мэргэнд буусан чоно”, “Миний бяцхан зоргол”, “Мөрөөдлийн үзэг”, “Тамчийн хоохон хүлэг” зэрэг бүжгэн жүжиг, драмын жүжиг, “Тусгаар тогтнолын төлөө”, “Улсын цол Монгол”, “Шинэ жилийн цагаан шөнө”, “Өндгөн эс”, “Буцах тийзгүй аялал” зэрэг телевизийн болон радио жүжгийг олны хүртээл болгосон. Жил бүр зохион байгуулагддаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд 10 удаа 2-5-р байрт шалгаран шагнал хүртсэн байна. 2005 онд бүтээлүүдээрээ “Мэргэнд буусан чоно” тоглолтоор уран бүтээлээ тайлагнасан билээ. Мөн түүний “Хагацаж чадахгүй сэтгэл”, “Талын хөх чоно”, “”Аз дутсан сугалаа”, “Мартаж чадахгүй хайр”, “Дууны сайхан Юндэн”, “Хэний хүүхэд вэ” зэрэг олон дуу нь хит болсон билээ. Шилдэг бүтээл туурвисны учир Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагнал, 2011 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал хүртжээ. Ц.Түмэнбаярын шүлэг, өгүүллэг нь ОХУ, БНХАУ, БНСУ, БНУУ, Франц, Казакстаны хэвлэлүүдэд орос, хятад, монгол, англи, солонгос, унгар, франц казак хэлээр хэвлэгдсэн. Монгол улсын Д.Галбаатар /Sc.D/, Д.Сампилдэндэв /Sc.D/, Г.Мөнх-Оргил /Ph.D/, Д.Өлзийбаяр //Ph.D/ зэрэг утга зохиол судлаачид болон ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн дэд доктор, профессор П.Петрова, дэд доктор А.Гроховский, дэд доктор Илево Регена зэрэг арваад судлаачид түүний бүтээлүүдээс судлан бие даасан өгүүллүүд хэвлүүлсэн байна. Ц.Түмэнбаярын бүтээлээс Монголын ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт хэвлэгдсэн төдийгүй, Тайз дэлгэц, утга зохиолын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудад сургалтын материал болгон үздэгээс гадна БНХАУ-ын монгол хэл үздэг сургууль, ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд, БНСУ, БНУУ-ын монголын уран зохиол, монгол хэл шинжлэлийн хичээлд сургалтын материал болгон ашиглаж байна. Ц.Түмэнбаяр Монголын Зохиолчдын Эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүнээр 2 удаа сонгогдон ажилласан. Тэрээр баримтат, түүхэн судлагааны сэдвээр Дундговь аймгийн Өндөршил сумын түүх, мөн сумын сургуулийн түүх, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүх, Монголын зохиолчдын Эвлэлийн түүхийн 80,90 жилийн ойн 2 ном, Дундговь аймгийн толь, ураг удмын болон байгууллагын түүх зэрэг судлагааны 10-аад ном бие даан бичиж, “Түшээ гүн Чагдаржав”, “Номон зул өргөмүй” зэрэг 10 гаруй ном бүтээхэд хамтран оролцсон байна.