Ч. Болд

Алс газар сурахаар одогсод /тэргүүн дэвтэр/


1926 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуулиас сурлага, сахилга батаараа шалгарсан 35 хүүхэд эрдэм сурахаар алсыг зорин мордсон билээ. Тэд 1926-1930 онд төрөл бүрийн мэргэжлээр Герман, Франц улсад суралцан, өрнийн соёлтой танилцаж ахуйд нь ЗХУ болон Коминтерний шахалтаар эгүүлсэн татсан аж. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэнэ өвөртлөн ирэхээр” алсыг зорьсон тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь улс төрийн галт шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон гашуун түүхтэй. Гэвч тэд хожим Улс Монголынхоо тэргүүлэх сэхээтнүүд болж, ажилласан салбар салбартаа анхдагчид болон нэрээ, мөрөө үлдээжээ. “Алс газар сурахаар одогсод” номын тэргүүн дэвтэрт Франц улсад суралцсан дөрвөн хөвгүүн болон тэдэн дээр нэмэгдэн очсон Мэргэн гүн Гомбожав, Ж.Цэвээний гэргий Бадамжав түүнчлэн тэдний Францад суралцах ажлыг анх санаачлан, зохион байгуулсан Ц.Дамбадорж, Эрдэнэбатхан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн багш Б.Ишдорж, Д.Буддари нарын амьдрал, хувь заяаны ээдрээт, эмгэнэлт түүхийг өгүүлжээ.