Монголын эрх зүйн түүхийн судалгаа ХХ зууны дунд үеэс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шав тавьж эхэлснээс хойш нэгэн жаран өнгөрчээ. Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, эрх зүйн шинэтгэл өрнөж, эх газрын эрх зүйн тогтолцоог уламжлал, шинэчлэлтэй хослуулан судлах ажил эрчимжиж, эрх зүйн соёл, сэтгэлгээний үнэт зүйлсийг сэргээн судлах, бүтээл туурвих болжээ. Энэ хүрээнд эрх зүйн түүхэн эх сурвалжуудыг судалгааны эргэлтэнд оруулах, эрх зүйн төдийгүй түүх сонирхон судлагч хэн бүхэнд эх хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжийг олгосон бүтээлүүд гаргасаар байна.