Г. Мэнд-Ооёо
Г. Мэнд-Ооёо

Гомбожав

Мэнд-Ооёо ( )

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт нүүдэлч, малчин айлын гэр бүлд мэндэлжээ. Г.Мэнд-Ооёо нь 13 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 1980 онд “Бодлын шувуу”, 1985 онд “Өлзий утас”, 1990 онд ”Хуурын магнай”, 1993 онд “Алтан Овоо”, 1997 онд “Утгын болор сүм”, 2002 онд “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчид айсуй”, 2007 онд “Яруу найраг шидэт долгион”, 2010 онд “Гэрэлтэх агшин бүр”, “Хэсэг цагаан манан”, 2012 онд “Гэгээнтэн” (роман), 2015 онд “Шилийн Богд” (роман), "Гол ус тунгалагших цаг", 2016 онд "Оюун санааны хээр тал", "Нүүдэлчин одны үлгэр", "Дөчин нэгэн хунгийн домог", "Хөхүүдэй", 2018 онд "Оршихуйн гэрэлт хүрээн дотор" зэрэг яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэлийн 60 гаруй ном хэвлүүлжээ. Мөн Өвөрмонголын Ардын хэвлэлийн хорооноос түүний бүтээлийн чуулганыг 10 ботийг үндэсний монгол бичгээр эрхлэн гаргажээ. Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүд англи, орос, хятад, франц, испани, герман, япон, хинди, грек, бенгал, тамил зэрэг дэлхийн 60 шахам хэлээр орчуулагдан хэвлэгджээ. Г.Мэнд-Ооёо 2014 онд Италийн Чеветилла Райнери сангийн тэтгэлэгт хөтөлбөрт уригдаж, Чеветилла хэмээх 15-р зууны шилтгээний урланд суралцаж уран бүтээлээ туурвисан байна. Г.Мэнд-Ооёо 2014 оны 9-р сард Румын Улсын Крайова хотод болсон Дэлхийн Яруу найргийн наадамд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй яруу найрагчдаас тодорч Гранд буюу тэргүүн шагнал хүртжээ. Бүх цаг үеэс дээжилсэн “Гурван зуун шүлэгт” хэмээх томоохон антологи монгол хэлээр эмхтгэн уншигчдын хүртээл болгосон. Г.Мэнд-Ооёо нь уран зохиолын бүтээлээс гадна Монголын түүх соёл, хэл бичиг, нүүдэлчдийн өв уламжлалыг хамгаалах, сэргээх чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан нийгэм соёлын нэрт зүтгэлтэн юм. Тэрбээр 1990-1996 онд Монголын түүх соёлын хосгүй туурвил "Мигжид Жанрайсиг" цогцолборыг бүтээх хөтөлбөрийг санаачлан удирдсан бөгөөд "Бичиг соёл", "Монгол сувдан сондор" зэрэг соёлын өвийн хөтөлбөрүүдийг удирдан ажиллаж, монгол соёлыг судлах, дотоод гадаадад сурталчлах, дэлгэрүүлэх үйлсийг манлайлагчдын нэг юм. Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн утга зохиол, соёлын төлөөх үйлсийг өндөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2015 онд Монгол төрийн эрхэм дээд шагнал - тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгоор шагнасан юм.