Б. Сарантуяа

"Сорхугтани" роман


13-р зуунд Чингис хаан тал нутгийн Монголчуудыг дахин нэгтгэж, их Монгол улсыг байгуулан, Монголын бүх овог аймгууд их хааны сүр хүчин дор цуглаж байв. Энэ үед Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү, Жаха Хамбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх, ахан дүүсээ аврахын тулд өөрийн хүслээр хаанд ирж бага хүүтэй нь гэрлэсэн юм. Гэвч удалгүй аав нь их хааны цэргүүдэд хороогдож, эр нөхөр нь төрсөн ахынхаа төлөө золиос болон тэнгэрт хальжээ. Тэрбээр өнчин хөвгүүдтэйгээ, хагацал зовлон, өнчрөл бэлэвсрэлийг сөрж, өөрт заяасан ухаан авъяасын хүчээр эх хүний үүргээ нэр төртэй биелүүлж, эмэгтэй хүн энэ орчлонд ирээд буцахдаа юу хийж болохыг өөрийн биеэр харуулсан түүхт хатан байв. Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Найман зууны тэртээ Сорхугтани хатны эгэл хүмүүний амьдралаар амьдарч, зовлон жаргалын дундуур явсан бахдам түүх, найман зууны дараа уран зохиолын хэлнээ буун уншигч авхай танаа хүрч байгаа нь магад тэрбээр мөнх тэнгэрээс өөрийн зөвшөөрлөө илгээсэн хэрэг биз ээ.